Улаанбаатарын төв талбайд 34 орны 3х3 сагсан бөмбөгчид өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-03 16:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны Дэлхийн цомын АШТ /U18 World Cup/ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Багийн спортын төдийгүй олимпын төрөлд багтсан 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ Монгол Улсад анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


Монол Улсын нийслэлд болж буй тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж байна.


Олимпын хөтөлбөрт орсон 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ-ийг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож тэмцээнийг нээж хэлэхдээ: “Монгол Улсын нийслэлд зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон өөрийн орондоо хүлээн авсан Монголын сагсан бөмбөгийн холбоонд талархал илэрхийлье. Манай эх оронд анх удаа зохион явуулж байгаа ФИБА 3х3 U18 насны ДЦАШТ-ийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатарын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэ тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн 34 орны баг тамирчдад амжилт хүсэж, дэлхийн аварга болохыг ерөөж байна” хэмээн онцолсон юм.


Энэ удаагийн 18 хүртэлх насны ДЦАШТ-д 34 орны эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 7-нд тодорно.

 

АНУ, Латви, Гүрж, Беларусь улсын шигшээ багтай “С” хэсэгт багтсан Монгол Улсын эрэгтэй баг өнөөдөр хоёр тоглоно. Манай эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай “С” хэсэгт тоглох юм. Монголын эмэгтэй багуудын өнөөдрийн тоглолт 18:40, 20:20 цагаас тус тус болно.

 

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны үйл ажиллагаанд багтах болсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд орсон бөгөөд “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтууд 2019 оноос эхэлсэн.


Улаанбаатар хотноо FIBA-гийн 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, 3х3 төрөл хариуцсан менежер Роберт Реблингер тэргүүтэй гадаадын төлөөлөгчид болон ивээн тэтгэгч М-Си-Эс групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөлөл энэ тэмцээний нээлтэд оролцлоо. Мөн Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав ирсэн байв.

 

Манай багийн тоглолтын хуваарь: /“FIBA 3×3 U18 World Cup 2019” /

 

Эрэгтэй баг: YI.4

 

18.30 цаг – Монгол –Латви

20.10 цаг – Монгол Беларусь

 

YI.6

 

18.30 цаг – Монгол – Гүрж

20.10 цаг – Монгол – Америк

 

Эмэгтэй баг: YI.3

 

18.40 цаг – Монгол – Филиппин

20.20 цаг – Монгол – Чех

 

YI.5

 

20.20 цаг – Монгол –Чех

19.00 цаг – Монгол –Голланд

Холбоотой мэдээ