Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай нэг удаа сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-06 13:49:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барьсан. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн энэ долоо хоногт батлах юм. Тус хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан, “Хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх,  хэрвээ олонхын дэмжлэг аваагүй тохиолдолд, Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан. Шүүгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоог орууллаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн 9 жилийн хугацаанд нэг удаа томилогддог байхаар тусгасан. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрнө. Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг Үндсэн хуулинд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм. Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан” хэмээв. 


Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглосон. Мөн Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүний тоог хязгаарлах заалт оруулжээ. 


Хуулийн төслийн энгийн хувилбарыг энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ