Монголын төмөр зам 70 жилийн ойтойгоо золгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-06 17:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 70 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Анх 1949 оны энэ өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хувь нийлүүлсэн “УБТЗ” байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж байсан түүхэн өдрийг тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа ойн баярын хурлыг нээж хэлэхдээ дурсав. Улмаар 1949 оны 11-р сарын 7-нд Наушки-Улаанбаатарыг холбосон төмөр замыг ашиглалтад оруулан Монголын ард түмэн анхны галт тэргээ Улаанбаатар хотноо баяр хөөртэйгөөр угтан авч байсан нь Монгол Улсад төмөр замын салбар үүссэн түүхэн өдөр юм гэдгийг тэмдэглэв. Тэр өдрөөс хойш УБТЗ 80 гаруй өртөө зөрлөг бүхий 1815 км урт төмөр замтай, 16 мянга шахам ажиллагсадтай, жилдээ 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, монголчууд өөрдсөө төмөр замаа тавьдаг болж Монгол Улсын тээврийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж иржээ.




“УБТЗ-ыг байгуулсан түүхэн үйл явдал нь манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл бүхий хөшүүрэг болсон юм” гэдгийг нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа онцолсон. Түүхт ойн жил УБТЗ тээвэрлэлтээ 13.2 хувиар буюу 25.8 сая тонноор нэмэгдүүлэн шинэ дээд босгыг тогтоосон өнгөрсөн оны амжилтаа улам өсгөж ажиллахаа илэрхийлж байв.

Улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж, төр, засгаас шинэ төмөр замын төслүүдийг эхлээд байгаа. Энэхүү бүтээн байгуулалтад УБТЗ-ыг татан оролцуулахыг төр, засгаас чухалд тооцон Дорноговь аймгийн нутагт барьж буй Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг манай төмөр замчид амжилттай гүйцэтгэснийг тэрээр дурдав. Мөн хэдхэн хоногийн өмнө шаваа тавьсан Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг тавих ажилд УБТЗ оролцохоор болсныг мэдэгдсэн юм.

Ойн баярын хуралд ОХУ, Беларусь улсын Элчин сайд нар, ОХУ, БНХАУ-ын төмөр замын байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо.






Тодруулга: Өнгөрсөн 70 жилийн хугацаанд УБТЗ-аас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 14, гавьяат тээвэрчин 29 төржээ.

Б.Болд

Холбоотой мэдээ