Ц.Мөнх-Эрдэнэ: Модон эдлэлийг сийлбэр, хээгээр чимэхээр их гоё, чамин бүтээл болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-06 23:52:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Модоор төрөл бүрийн тавилга, гэрийн мод хийдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ тавилгаа өөрөө хийж, тавилганыхаа сийлбэрийг өөрөө урлан, өөрөө хээлж буддаг хүн тун ховор. Тийм нэг уран мужаан залууг Ц.Мөнх-Эрдэнэ гэдэг. 

Тэрээр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч, өөрийн өвөрмөц, чамин бүтээгдэхүүнээ урлан аавынхаа ур ухааныг үе уламжлан амилуулж яваа хүн юм.

Ц.Мөнх-Эрдэнэ 2005 онд наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д сийлбэрч мэргэжлээр суралцан, цэргийн алба хааж, 2010 оноос сумандаа тасралтгүй үйлдвэрлэл эрхэлж байна.

“Аав маань их уран хүн байсан, багаасаа аавдаа тусалж, модон сандал, ойр зуурын юм хийдэг байснаар насан туршийнхаа амьдрах арга ухааныг өвлөн авсан, миний хийж байгаа бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийн өөрсдийн хүссэн загвараар, хүссэн өнгө, чимэглэлтэй гардгаараа онцлогтой. Модон эдлэлийг сийлбэр, хээгээр чимэхээр их гоё, чамин бүтээл болдог” хэмээн тэрээр ярилаа.

2012 онд барьсан өөрийнхөө гэрийн бүх мод болон доторх тавилгуудаа өөрөө хийжээ. Сийлбэр, уран хээ хосолсон гэр тэр бүр байдаггүй. 2014 онд ажлын байр барьсан. Одоо өвлийн байшин барьж байгаа аж.

Жилдээ дөрөв, таван сая төгрөгийн ашигтай ажилладаг. Ц.Мөнх-Эрдэнэ “аавынхаа үлдээсэн багажийг өвлөн авч, түүнийг нь амилуулж явах сайхан. Хүмүүсийн хэрэгцээтэй зүйлийг яг хүссэнээр нь сийлбэртэй бол сийлбэртэй, эрээлэх бол эрээлээд, будах бол будаад хийгээд өгдөг болохоор тэдний сэтгэлд хүрдэг, түүнийг нь харах үнэхээр сайхан байдаг. Тэр хэмжээгээр миний амьдралд ч өгөөжөө өгдөг” хэмээн хүүрнэсэн нь түүний хийж байгаа зүйлдээ сэтгэлээ өгч, чин сэтгэлээсээ ханддагийг харуулж байсан юм.

Ц.Мөнх-Эрдэний хийсэн гэрийн мод, тавилга өөрийн сум, зэргэлдээх сумдаас хальж, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Увс аймгийн Баруунтуруун гээд холын аймаг суманд ч байдаг аж.

“Ер нь хүн дуртай ажлаа хийх гоё, цаашдаа бүр илүү гоё, өөрийнхөө санасандаа хүрсэн бүтээгдэхүүнүүдийг хийнэ дээ л гэж боддог юм” хэмээн даруухан хүүрнэх энэ залууд хүнд тэр бүр заяагаад байдаггүй уран ухаан, уран гар ааваас нь өвлөгджээ.

Холбоотой мэдээ