“Талын хөх чононууд” эх орондоо “Бруней Даруссалам” багийг 2:0-ээр хожлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-06 20:18:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх анхны тоглолт Монголын шигшээ баг, Брунейн шигшээ багийн хооронд өнөөдөр /2019.06.06/ болж Монголын шигшээ 2:0-ээр хожлоо. 


МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Н.Цэдэнбал хаалттай цохилтоос Брунейн хаалганд оруулж монголчуудаа баярлуулав. Тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад Н.Наранболд 2 дахь гоолыг хийж хожлоо улам бататгав. Манай шигшээ багийн хувьд Брунейн шигшээ багийн тамирчдаас бие бялдар, биеийн хүчний талаар илүү байсан бөгөөд 2-оос ч илүү гоол оруулах олон боломжийг алдсан гэдгийг манай хөгжөөн дэмжигчид харамсч байлаа. Ямар ч байсан нутгийн талбай дээр ялалт байгуулж чадлаа. Хариу тоглолт энэ сарын 11-нд Бруней улсад болно.


Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Робби Сервайс тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа: “Энэ удаагийн тоглолтод монголчууд биеийн хүчний тоглолт хийж, дээгүүр дамжуулалтаар давуу байж хожил авлаа. Манай багийг 2:0-ээр хожиж давуу байдлыг олж авсан боловч хариу тоглолт байгаа. Хиймэл зүлгэн дээр тоглосон, бас цаг агаар сэрүүн байсан нь ч манай тамирчдад нөлөөлсөн байх. Одоо бид дараагийн тоглолтоо л бодож байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ