“Петрочайна Дачин Тамсаг” компани тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-06-14 17:12:53

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал, “Петрочайна Дачин тамсаг” компани тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.

Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох аж.

Дорнод аймгийн удирдлагууд “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд орон нутагт хаалттай, байгаль орчны нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу хийдэггүй, бүтээгдэхүүн тээвэрлэх замаа хуулийн дагуу заасан хугацаанд барьж дуусгаагүй зэрэг шалтгаанаар хатуу шаардлага тавьж, тээвэрлэлтийг хоёр удаа түдгэлзүүлж байсан. Улмаар тус аймгийн удирдлагууд өнгөрсөн онд “Петрочайна Дачин тамсаг” компанитай орон нутагтай хамтран ажиллах, байгаль орчныг нөхөн сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, тендер сонгон шалгаруулалтаа ил тод зарлах зэрэг чиглэлээр хэлцэл байгуулсан нь одоо биелэлээ олж буй юм.

Холбоотой мэдээ