Хархираа хайрханд “Альпиниад-2019” уулчдын нэгдсэн цугларалт боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-14 21:56:16

Увс /МОНЦАМЭ/. Монголын уулчдын нэгдсэн холбооноос Увс аймгийн Тариалан сумын нутагт зохион байгуулсан “Альпиниад-2019” уулчдын нэгдсэн цугларалт энэ сарын 10-13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Улсын уулын спортын цол, зэрэг хамгаалах багийн техникийн авиралт, “Мөст оргил-2019” скайранингийн багийн тэмцээн болон “Мөст оргил” чөлөөт авиралт зэрэг үйл ажиллагаа зохиосон юм. 

Тэмцээнд 17 багийн 150 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. 18-35 насны ангилалд 1-р байрт Улаанбаатар аялагч клуб”-ын 1-р баг, 2-р байрт Увс аймгийн Тариалан сумын Хархираа ТББ-ын баг, 3-р байрт Хайрхан клуб”-ын 2-р баг тус тус тэргүүллээ.

Харин 36-45 насны ангилалд “Хайрхан клуб”-ын 1-р баг, Тариалан сумын Хархираа ТББ-ын баг, “Хайрхан клуб”-ын 2-р баг тус тус эхний гурван байр эзэлсэн юм. Тэрчлэн 46-аас дээш насны ангилалд 1-р байрт Тариалан сумын Хархираа ТББ-ын баг, 2-р байрт Улаанбаатар аялагч клуб”-ын баг, 3-р байрт Хайрхан клуб”-ын 1-р баг тус тус шалгарлаа. Мөн баг бүрээс туршлагатай тамирчид Мѳст оргилд техникийн авиралт хийж ур чадвараа сорьсон юм. Хархираа нурууны ноён оргил болох Мөст оргил нь далайн түвшнээс дээш 4037 метрт оршдог байна.

Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Тариалан сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, Цагдаагийн газар гэх мэт байгууллагууд ажиллалаа.

 

 

Холбоотой мэдээ