Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-18 17:27:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан боллоо. 

Тус хуралдааны хүрээнд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого болон цаг үеийн асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор зургаан асуудал хэлэлцэв. 

Тухайлбал, аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” илтгэл танилцууллаа.

Ингэснээр аймгийн ИТХ газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нийт 315786,9 га газрыг нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.    

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2028 оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих учраас иргэнд нэг удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын нөөцийг зөв төлөвлөх шаардлагатай гэж албаныхан онцлон хэлэв. 

Ховд аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд 2025 он гэхэд иргэдийн 50 хувьд газар өмчлүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг. Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгийн нийт иргэдийн 14.5 хувь, өрхийн 55 хувь нь газар өмчилсөн байна. Энэ нь улсын дунджаас доогуур үзүүлэлт юм.

Тиймээс цаашид энэ үзүүлэлтийг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй хүргэх зорилгоор 746 иргэнд 58.5 га, үүнээс Жаргалант сумын 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөжээ.  

Мөн аймгийн Засаг даргын нөөц 245 га газраас “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд 20.7 га газарт чанартай, хямд үнийн сонголттой 52 айлын 23 орон сууц, 400 өрхийн хаус хороолол барихаар төлөвлөв.  

Үүнээс гадна өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Үйлдвэр технологийн парк байгуулах, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүлэмжийн ба хөдөө аж ахуйн цогцолбор барих зэрэг Ховд аймгийн ирээдүйн хөгжил дэвшлийг тодорхойлох үйлдвэр, үйлчилгээний газрын талбайн хэмжээг энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгажээ.

Мөн Алтай, Ховд суманд долоон байршилд бичил уурхайн зориулалтаар 15.3 га газрыг  тусгай хэрэгцээнд авахаар болов.
Түүнчлэн Ховд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг энэ онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц”, “Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай илтгэл”, “Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүн”, “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай илтгэл”, “Тус аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам” зэрэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  






Холбоотой мэдээ