Тайванийн төлөөлөгчийн газар төвөөс алс суманд сувилагчийн пост хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-18 17:35:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн төлөөлөгчийн газраас санхүүжүүлж буй “Төвөөс алс орон нутгийн малчдад зориулсан сувилагчийн пост” төслийн нээлт Улаанбаатар хотноо энэ сарын 14-нд боллоо.


Энэ үеэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багт эмнэлгийн үйлчилгээний цэг “Сувилагчийн пост” хандивлав.

 

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ, энэхүү эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэгийг өмнө нь Завхан, Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт нээсэн бол энэ удаа Дорноговь аймгийн төвөөс алс сумын ард иргэдэд ийнхүү хүргэж байна. Тайванийн Ротари клубээс энэ жил мөн Дорноговь аймгийн усны чанарыг дээшлүүлэх зорилгоор ус цэвэршүүлэх тусгай төхөөрөмжийг хандивласан билээ. Энэ нь Тайвань хөдөө орон нутгийн ард иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулахад анхаарч буйн нэгэн жишээ юм” гэв. Мөн тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг”-ийн тэргүүн С.Болд нарын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжиж байна гэдгийг онцоллоо. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх энгийн цэгээс эхлэн Дорноговь аймагтай эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж, ард иргэдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

 

Тус аймгийн албаны хүмүүс төвөөс алс нутгийн ард иргэд Тайванийн тусламжийн үр нөлөөг ийнхүү хүртэж буйд талархал илэрхийлсэн юм. 


Холбоотой мэдээ