Вьетнам засварын газрууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг нь илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-21 15:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас авто үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн биелэлтийг хянах зорилгоор шалгалт хийснээ танилцууллаа.


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ, "Хэрэглэгчдийн өргөдөл гомдлыг үндэслэн хяналт шалгалт хийж, нийслэлийн нутаг дэвсгэрийн зарим аж ахуйн нэгж байгууллагыг хамрууллаа. Авто тээврийн үндэсний төв нь Нийслэлийн нийтийн тээврийн газартай уялдаагүй, зөвхөн орон нутгийн авто үйлчилгээний газруудад зөвшөөрөл олгох байдлаар үйл ажиллагаагаа хязгаарладаг. Нийслэлийн нийтийн тээврийн газар авто үйлчилгээний талаар нэгдсэн мэдээллийн сангүй байна. Тиймээс авто үйлчилгээнд тавих хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох, иргэдийг хохирсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагууд уялдаа холбоогоо ханган ажиллах шаардлагатай байна" гэв.


Шалгалтаар авто үйлчилгээний байгууллага, Вьетнам засвар, кузов засварын газрууд нийслэлийн тээврийн газар, дүүргийн үйлчилгээний хэлтсийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдгийг тогтоосон байна. Мөн татварын байгууллагад бүртгэлгүй нь түгээмэл илэрч байв. Түүнчлэн авто үйлчилгээний газрууд хэрэглэгчээс тээврийн хэрэгслийг хэдийд хүлээж авсан, хүлээлгэн өгсөн, ямар төрлийн засвар үйлчилгээ авсныг бүртгэдэггүй байна. Ажлын байрны нөхцөл бүрдээгүй буюу үйлдвэрлэл, засвар үйлчилгээний зориулалтын бус барилга байгууламжид, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангаагүй орчинд ажиллаж байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага авто үйлчилгээний газруудад 2014 оноос хойш хяналт шалгалт хийж байгаагүй аж. Авто тээврийн үндэсний төв нь нийслэлийн нийтийн тээврийн газартай уялдаагүй, зөвхөн орон нутгийн авто үйлчилгээний газруудад зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих төдий үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны мэдээллээр 21 аймагт 454 аж ахуй эрхлэгч авто засвар, авто угаалга, агрегат засвар, гагнуур, дугуй, кузов засвар, сэлбэг худалдаа, цахилгаан засвар зэрэг газар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг аж. Харин нийслэлийн нийтийн тээврийн газар авто үйлчилгээний талаар нэгдсэн мэдээллийн сангүй байна.


ШӨХТГ-аас авто үйлчилгээний газрууд болон автомашины мэдээлэл, үйлчилгээний төрөл зэргийг бүртгэдэг байх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлдэг байх журмын зохицуулалтыг хэрэгжүүлэх,  иргэд хохирсны дараа биш, урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагууд уялдаа холбоо тогтоох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай хэмээн мэдээлэв.

Б. Ариунтуяа

Холбоотой мэдээ