Цөмийн дайн дэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-24 14:00:55

МОСКВА. /RIA Novosti/. Энэтхэг улс дуунаас хурдан пуужин туршсан явдал нь Пакистантай цөмийн дайн дэгдээхэд нэг алхмаар ойртуулж байна гэж “National Interest” сэтгүүлд бичжээ.


Хэдийгээр "Агни-1" зөөгч пуужингийн хамт туршсан дуунаас хурдан пуужингийн туршилт нь амжилтгүй болсон боловч Энэтхэг улсын дуунаас хурдан зэвсгийн төсөл нь өөрөө “Пакистантай хүйтэн дайн дэгдээх муу ёрлосон алхам юм” гэж тус сэтгүүлд гарсан нийтлэлд онцлон тэмдэглэсэн байна. 


Энэтхэгийн дуунаас хурдан пуужинд Оросын зэвсэг шиг 20 Мах хүртэлх хурд шаардлагагүй бөгөөд ердөө таван Мах байхад хангалттай гэдгийг уг нийтлэлийг бичигч цохон тэмдэглэжээ. ОХУ дуунаас хурдан зэвсэгтэй болсонд АНУ түгшиж байгааг нийтлэгч сануулсан байна. Учир нь ийм пуужинг амдан сөнөөх боломжгүй билээ. "Тактикийн түвшинд энэ нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд болон нисэх хүчний баазуудыг "үл баригдах" пуужингуудаар нэгмөсөн устгах боломжтой гэсэн үг бол харин стратегийн түвшинд хэлбэл дуунаас хурдан зэвсэг нь “үнэхээр аймшигтай”. Ийм пуужингуудын тусламжтайгаар, тэр ч бүү хэл цөмийн цэнэгт хошуугүй байсан ч дайсны цөмийн зэвсгийг анхны цохилтоор устгаж болно" гэж нийтлэгч онцлон бичжээ.


Хоорондоо таарамж муутай Энэтхэг болон Пакистан улсын нийслэл хотууд 400 гаруйхан милийн зайтай /700 орчим км/ оршдог бөгөөд 5-10 Мах хүртэл хурдалдаг пуужинг тус хоёр улсын аль нэгнээс харвасан тохиолдолд ганцхан хормын дотор байдаа тусах аж. 


Эцэст нь нийтлэгч бичихдээ, Энэтхэгт дуунаас хурдан пуужин бий гэдгийг мэдэх үед цөмийн зэвсэгтэйгээ холбоотой “бүгдийг хэрэглэнэ эсвэл бүхнээ алдана” гэх бусдын эрхэнд орсон мэт сэтгэгдэл Пакистаны эрх баригчдад төрж болзошгүй гэжээ.


 


Холбоотой мэдээ