Тэрэлж голд минж нутагшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-25 09:30:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа.


Эдгээрийн гурав нь 3 настай, нэг нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төл юм.


Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотой нийслэл хот хэрэгжүүлж байгаа билээ.


Амьтны тухай хуульд заасны дагуу минж нэн ховор амьтны төрөлд орох бөгөөд манай улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ч ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд буй амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж /Castor Canadensis/, Евразийн минж /Castor fiber/ гэсэн хоёр зүйлийн минж байдаг бөгөөд Евразийн минж дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолддог байна.


Холбоотой мэдээ