Үндэслэлгүй үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-06-26 18:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ өнөөдөр “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хянах үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл бий. Тус зөвлөлийн шийдвэрээр УУХҮЯ, АМГТГ, манай байгууллагад шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдийн жижиглэн борлуулалтын үнэ өөрчлөгдөх бүрт байнга хянаж, үнийг хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд манай газраас шатахууны үнэ хэрхэн бүрдэж буй болон мөн чанарын талаар олон нийтэд ил тод, нээлттэй болгох талаар холбогдох яам, агентлаг, ТББ-ууд, ААН-ийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж байна” гэв.



Шатахууны үнэ болон чанарыг ШӨХТГ байнга хянаж шалгаж байгаагаа өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн жил ШТС-уудын шатахуунаас түүврийн аргаар дээж авч шинжилсэн. Чанарын шаардлага хангаагүй шатахуун байгаагүй ч хатуулгийн хэмжээ өндөр байна гэсэн лабораторийн шинжилгээний дүн гарсан. Энэ нөхцөлд торгодог. Хамгийн гол асуудал манай улсад шатахууныг шинжлэх нэгдсэн лаборатори байхгүй байна гэж байв. ШӨХТГ үнэ нэмэгдсэний дараа биш, өмнө нь үнийн байдлыг нарийн судлаад, үнэ нэмэгдэх, буурах тодорхой шалтгааныг тогтмол мэдээлж байхгүй бол иргэд олон нийт бухимддаг гэж байлаа.


Хэлэлцүүлэгт оролцсон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр үнэ, чанарын талаар хэлэхдээ, Манай улсад үйлдвэрийн ямар ч шаардлага хангахгүй нефтийн нэмэлт бүтээгдэхүүн их орж байна. Гол нь ийм төрлийн бүтээгдэхүүнд татвар алга. Тусгай зөвшөөрөлтэй учир хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй ч энд стандарт шаардлага хангахгүй, үйлдвэрлэлийн горимгүй байна. Үүнийг ШӨХТГ шалгах ёстой” гэв. Тэрбээр, нефтийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирж байгааг шатахууны үнэ их байгаатай холбож байлаа. Үнийн тухайд, “Манай холбоо судалгаа хийхэд дизелийн түлшний үнэ 2160 төгрөг, авто бензин 1750 төгрөг байх боломжтой байгаа юм. Энд худалдаалах компанийн ашиг, тээврийн зардал орно. Тэгэхээр бензиний үнэ буурах боломжтой” гэж байв.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ