Ажилгүй иргэд бүлгийн зохион байгуулалтад орж хүнсний ногоо тариалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-01 13:12:41

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт  Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, Политехник коллежийн ажил байдалтай танилцжээ. 

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь уул уурхайн техникч, баяжуулалтын техникч, хүнд машин механизмын ашиглалтын техникч, уулын ажлын техникч зэрэг найман мэргэжлээр боловсрол эзэмшүүлэх сургалт явуулж байна. 

Хэнтий аймгийн МСҮТ 2014 онд хичээлийн шинэ байртай болсноор хичээлийн болон дадлагын байрны хүрэлцээ багтаамж сайжирчээ. Одоогоор тус сургууль 18 мэргэжлээр 600 гаруй суралцагчийг 1-2,5 жилийн хугацаатай сургаж байна. 

Хэнтий аймгийн хувьд ажил олгогчоос ирүүлдэг захиалга буурч, ажил хайгч иргэдийн тоо өссөн ч хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, чамлалтгүй үр дүнд хүрчээ. Хүнсний ногоо тариалах хөтөлбөрт Хэрлэн сумын 30 иргэнийг бүлгийн зохион байгуулалттай хамруулан, 5 га газарт төмс, лууван, байцаа, цагаан лууван, манжин, улаан байцаа, сонгино, улаан манжин, шар манжин, улаан лооль, өргөст хэмх салатны навч зэрэг 22 төрлийн хүнсний ногоо тарьсан байна. Түүнчлэн 6х18 м хэмжээтэй гурван хүлэмж барьсандаа өргөст хэмх, улаан лооль тариалж тав хоног тутам 80-120 кг өргөст хэмх хурааж, гадаа талбайгаас 800 кг сонгино, 25 кг редиск хураажээ. 

Сайд Г.Баярсайхан олон иргэнийг ажлын байраар хангах, үр өгөөжтэй сайн төсөл, хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам дэмжих бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөр, нөхөрлөл хоршооны үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүргийг өгсөн байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ