М.Алтангэрэл: Хөдөлмөрийн аюулгүй байдлын эсрэг 896 зөрчил илрүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аюулгүй ажлын байр" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд, барилгын ажил эрхэлдэг 299 байгууллагаас ажлын байрны аюулгүй ажиллагааны 896 зөрчил илэрсэн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн М.Алтангэрэл мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд дээрх арга хэмжээний үр дүнгийн талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж, хүний эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой тус арга хэмжээг ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, НМХГ-тай хамтран өнгөрсөн сарын 22-ноос нэг сарын хугацаатай зохион байгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд барилгын ажил эрхэлж буй 299 байгууллагыг шалгахад, барилгын захын хийцийн хамгаалалт, хамгаалах тор хийгдээгүй, албан хаагч ажилтанг хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангаагүй, ажлын зааварчилгаа өгөөгүй зэрэг давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн аж. Тэдгээрээс 334 зөрчилд 52 сая 255 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 264 албан шаардлага өгчээ.
Мөн арга хэмжээнийн хүрээнд, "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж" сэдвээр нийслэлийн 954 цагдаагийн албан хаагчдад 17 удаагийн сургалт явуулсан байна. Мөн барилга, тоног төхөөрөмж ашигладаг үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын 1083 инженерт "Хөдөлмөр аюулгүй байдлыг шалгахад анхаарах асуудал" сэдвээр 13 удаагийн сургалт хийжээ.
2018 онд Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учруулсан тохиолдол 89 , амь насаа алдсан тохиолдол тав бүртгэгдсэн байна.
ЦЕГ-аас цаашид энэ төрлийн гэмт хэргийг багасгах, байгууллагууд ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж буй эсэхийг тогтмол хянаж байхаар тогтжээ.
А.Гэрэлтуяа