Говь гурван сайхан уулнаас бугын эвэр олдсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 14:11:02

Өмнөговь аймгийн алдарт Говь гурван сайхан уулнаас малчин залуус бугын эвэр олжээ. 2016 оны 3 дугаар сарын 28-нд малын эрэлд явсан Баяндалай сумын Төхөм багийн малчин О.Буяндэлгэр, Э.Төмөр, Э.Пүрэвдорж нар Гурван сайхан уулын Рашаан шармаань гэдэг газраас бугын унасан эвэр олсон  байна.

“Эхлээд бид ямар нэгэн амьтны араг яс байна гэж харсан юм. Харин дөхөөд очиход бугын эвэр байсан. Хуучраагүй шинээрээ бугын эвэр байхад нь үнэхээр их гайхсан. Өвөл бид сарлагт явж байгаад үхэр дундаас урт чихтэй маш хурдан амьтан цахилж одохыг харсан юм. Тэр буга байсан юм болов уу гэж бид таамаглаж байна” гэж малчин О.Буяндэлгэр ярилаа. Малчин залуусыг бугын эвэр олсон гэхэд нутгийн иргэд огт итгэхгүй байгаа талаар туд мөн дурссан юм.

“Гурвансайхан ууланд нэг согоо байгааг бид зургаар баримтжуулсан байдаг. Харин буга байгаа тухай нутгийн зарим иргэдээс мэдээлэл ирсэн ч бид зурагжуулаагүйн улмаас батлаж чадахгүй байсан юм. Эрдэнэтээс 10 буга авч ирж Гурвансайхан ууланд нутагшуулахаар бид төлөвлөөд байгаа” гэж “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ярилаа.

Нутгийн залуус бугын шинэхэн эвэр олсон нь Гурван сайхан ууланд буга байгааг нотолж байгаа бөгөөд хамгаалалтанд авах хэрэгтэйг малчин залуус хэлж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ