Улсын хэмжээнд 5.5 сая эх мал төллөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-04-01 17:32:34

Улсын хэмжээнд энэ сарын 31-ний байдлаар нийт эх малын 24.3 хувь буюу 5.5 сая эх мал төллөж, 5.4 сая төл хүлээн авсан. Төл бойжилт 97.8 хувьтай байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Малын хорогдол 799.7 мянга болж, өмнөх долоо хоногоос 100 гаруй мянгаар нэмэгджээ. Хамгийн их мал хорогдсон аймгаар Сүхбаатар нэрлэгдэж, араас нь Увс, Архангай, Баянхонгор, Завхан аймаг орсон байна.

Нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс суманд цасны зузаан 20-64 см байна.

Түүнчлэн гурван аймгийн 22 сум цагаан зудтай байгаа бол Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд цасны зузаан 10-19 см буюу цагаанаар зудархуу буй юм.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа аж. Иймд цас хайлмагтсанаас үүдсэн шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ