Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-07-02 16:01:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, хөрш орнуудын зах зээл нийлүүлэх, Беларусиас машин техник худалдан авахын зэрэгцээ Монголын бараа, бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэх өргөн боломж байгааг дурдав.


Беларусийн Аж үйлдвэрийн сайд П.П.Утюпин хоёр орны Засгийн газрын хооронд гарын үсэг зурсан Экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг Монголын тал соёрхон баталмагц онцгой байдал, хөдөө аж ахуй, зам тээврийн болон бусад салбарт яригдаж буй төслүүдийг даруй хэрэгжүүлж эхлэхийн чухлыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ