Тод манлай уяач Т.Галбадрахын бор хүлэг магнайдаа тоосгүй барианд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-11 18:07:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын бор хүлэг магнайдаа тоосгүй барианы зурхайд ирлээ.



Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд хүлэг хурдалж, наадамчин олныг баясгалаа. 



Үндэсний их баяр наадмын хамгийн хол буюу 25 км-ийн зайд уралддаг энэ төрөлд 365 хүлэг бүртгүүлснээс 271 нь шандас сорьсон юм. Тухайлбал,  Завхан аймгийн Яруу сумын уугуул, тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд, Ховд аймгийн Дарви сумын уугуул, тод манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын мэнгэт хүрэн, хурдан зээрд, алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ. 


Түрүү магнайн унаач хүүхдийн дугаар 209, аман хүзүүн унаач хүүхдийн дугаар 307, айргийн гуравт тодорсон унаач хүүхдийн дугаар 519.


Үндэсний их баяр наадмын Соёолонгийн уралдаан маргааш 7.00 цагт, Дааганы уралдаан 10.30 цагт эхэлнэ. 



Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн зээрд түрүү магнайд хурдалж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Б.Саянсанаагийн хээр зоос морь тодорч байв.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ