Баяр наадмын өдрүүдэд 99 хүүхэд төөрчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-07-13 13:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын үйл ажиллагаа болсон цэгүүдэд 2-12 насны нийт 99 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч ажилласан тухай Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Тодруулбал, энэ сарын 10-ны Хүй долоон худагт 4 хүүхэд төөрсөн бол энэ сарын 11-нд 24 хүүхэд төөрсөн байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 11-нд 30, энэ сарын 12-нд 10 хүүхэд төөрсөн. Түүнчлэн Сүхбаатарын талбайд болсон "Эх орноо магтан дуулъя" цэнгүүний үеэр 15 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.  


Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд байлгаж, хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах комисстой хамтран сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах талаар мэдээллийг тус тус хүргэжээ.


Баяр наадмын гурван өдрийн байдлаар Хүй долоон худагт мориноос унасан 40 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Холбоотой мэдээ