МАН тариаланчидтай хамтарч ажиллахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-04 16:44:16

УИХ дахь МАН-ын бүлгээс "Тариалангийн хууль: Тариаланчдад тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд нар оролцож, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Увс аймгийн 32 сумаас хүрэлцэн ирсэн 300 гаруй тариаланчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хамтран ярилцлаа. Тариаланчдын хувьд хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд эрх ашгаа хамгаалахын төлөө энэ сарын 15-нд талбай дээр жагсахаа мэдэгдэв.

Хэлэлцүүлгийн үеэр тариаланчид стратегийн ач холбогдолтой салбараа аврахын тулд цаг алдахгүй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байлаа. Тухайлбал, Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хэсэгчилж олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг хуваалгүй бүтнээр нь олгох нь бэлэн мөнгөний хомсдолд орсон энэ үед хаврын тариалалтыг түргэтгэхэд ихээхэн дэмжлэг болно гэцгээж байв. Тиймээс тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ-ыг ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулахыг хүсч байлаа. Салбарын яам тариаланчдад нэн яаралтай зээл олговол намрын ургацын дараа нөхөн төлөх боломжтой гэдгээ ч хэлж байв.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тариаланчдын эрх ашгийг хамгаалж, үүсээд буй асуудлыг шийдэхээ илэрхийлж, дөрөвдүгээр сарын 15-нд жагсахдаа тариаланчдын хөлс хүч шингэсэн техник хэрэгслээ шатаах хэрэггүй хэмээн зөвлөв. УИХ-ын гишүүн Н.Энхболд хөнгөлөлттэй зээл олгох, импортын буудайн квотыг хүчингүй болгох чиглэлээр МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлэхийн төлөө идэвх санаачилга гаргана гэв. УИХ-ын гишүүн Су.Батболд тариаланчид төдийгүй улс оронд үр дүнгээ өгсөн Атрын III аян шиг дараагийн аяныг зохион байгуулах шаардлага ч бий болно гээд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх ёстой гэлээ. Ийнхүү тариаланчдаас гарсан санал хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, тариаланчдын өмнө тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдүүлэхийн төлөө хамтран ажиллахаар болов.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

 

Холбоотой мэдээ