Монгол, Италийн худалдаа 70 гаруй сая ам.долларт хүрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-29 10:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2020 онд тохионо.

Итали улс хоёр жилийн өмнөх энэ өдөр Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээж байв. Харин манай улс 2011 оны 10-р сард Ром хотноо ЭСЯ нээн ажиллуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад Италийн хөрөнгө оруулалттай 54 компани ажиллаж, 36.8 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Тус улсаас манайд голлон худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, нэхмэлийн салбарт хөрөнгө оруулаад байна.


Хоёр улсын худалдааны нийт эргэлт 70 гаруй сая ам.доллар байгаагаас экспорт 43.4 сая, импорт 33.3 сая ам.долларт хүрээд байна.

Итали улс манай улсад 1990 оноос хойш 7.2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа юм. Хоёр орны иргэд хоёр улсын хооронд 90 хоногийн харилцан визгүй зорчих нөхцөлтэй юм. Өнөөдөр Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын даргаар Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд К.Календа ажиллаж байна. УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн А.Ундраа ажиллаж байна. 

Холбоотой мэдээ