Их насны түрүү морины байг өнчин хүүхэд багачуудад зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-30 13:03:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын 210 жил, "Хотгойдын хурд-4" даншиг наадмын их насны морьдын уралдаанд 150 гаруй хурдан буян хурд хүч шандасаа сорин уралдсанаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Давгадоржийн Ганбаатарын зээрд морь түрүүлэв.

Олондоо "Макс"-ын гэх тодотголтой Давгадоржийн Ганбаатар “Хоймор нутагт сайхан наадлаа. Манай уяаны хамт олон улс бүсийн түрүү морьдынхоо бай шагналыг орон нутагт нь үлдээдэг уламжлалтай.

"Хотгойдын хурд"-ын түрүү морины бай шагналыг нутагт нь үлдээж Хөвсгөл аймгийн өнчин хүүхэд багачуудад зориулна. Цаашид улс бүсийн наадмуудад энэ уламжлалаа үргэлжлүүлэх болно” гэв.

Уралдаанд зургаан насны түрүүг тус бүр 10 сая төгрөгөөр байлсан юм. Их насны морьдын уралдааны аман хүзүүнд Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Чингэсийн буурал давхисан бол айргийн гуравт Говь-Алтай аймгийн Гантөмөрийн Чинзоригийн зээрд, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цэрэнбатын Чимэдбавуугийн хул, айргийн тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Дондовын Бадрахын хээр тус тус хурдлав.

 

Холбоотой мэдээ