Улаанбаатарын мэс заслын эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/.Өнгөрсөн зургадугаар сард Хөвсгөл аймагт эхэлсэн “Хөдөө орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч нар Мөрөн хотод ажиллаж байна.
Энэ төсөл орон нутгийн эмч нарын чадавхыг дээшлүүлэх, гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг авахаар Улаанбаатарыг зорих урсгалыг багасгах, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцлийг бүрдүүлэх, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд зорилготой аж.
Төслийн нэг, хоёрдугаар ээлжийн баг хамт олон аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Жаргалант суманд ажиллаж 339 хүнд үзлэг оношлогоо хийжээ.
Мөн Мөрөн суманд өвдөгний үе солих мэс засал, түнхний үе солих, хөлийн чиг засах, шилбэ ясны хугаралыг түгжээт хадаас болон ялтас шургаар бэхлэх, шагайны хугарал мултрал, түнхний хугарал мултрал хүүхдэд төрөлхийн түнхний согог, тархины мэс засал, мэдрэл чөлөөлөх, шуу болон атгалын хугарал зэрэг нийт 27 мэс засал амжилттай хийсэн байна.
Мэс заслын хамт олон хөдөө орон нутагт хиймэл үе солих мэс заслыг анх удаа хийсэн аж. Эмнэлгийн ажилтнууд ирэх есдүгээр сар хүртэл Хөвсгөл аймагт ажиллана.