Эмнэлгийн 240 ширхэг тоног төхөөрөмжийг баталгаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-05 15:50:04
Архангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид олон улсын жишигт нийцсэн симулятор, анализатораар шалгалт тохируулга хийх Ажлын хэсгийнхэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав.
Энэ ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд, 17 сумын эрүүл мэндийн төв, сум дундын 2 эмнэлэг болон хувийн хэвшлийн 4 эмнэлэг нийт 25 эрүүл мэндийн байгууллагын 240 ширхэг эмнэлгийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжид дахин баталгаажуулалт хийлээ.
Ингэснээр тоног төхөөрөмжийн ажиллагааны хэвийн байдлыг хангах, баталгаажсан тоног төхөөрөмжөөр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болох аж.
Дээрх ажлыг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор хийсэн байна.
Холбоотой мэдээ