Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эрсдэлээс хамгаалах анхны дархлаажуулалт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-02 17:02:18

Ховд /МОНЦАМЭ/.“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас цуврал зөвлөмж мэдээлэл хүргэж байна.

Жил бүрийн наймдугаар сарын 1-нээс 7-ныг хүртэл "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног-ийг тэмдэглэдэг билээ. 

Монгол Улсад эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа аж. Судалгаагаар нийт нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Мөн хоёр хүртэлх насны хүүхдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллож буй.  

Ийнхүү хүүхдийг эхийн сүүгээр хооллох байдал буурах болсон нь олон шалтгаантай аж. Гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эмэгтэйчүүдийг төрсний дараа ажилдаа эргэн орох байдалд хүргэдэг гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Эхийн сүү  нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хамгаалах анхны дархлаажуулалт  болдог.

Үүнээс гадна  хүүхдийн  биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийг хамгийн зохистой харьцаагаар агуулж  тэдний өсөлт, хөгжилт,  хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг.

Өөр ямар ч сүүний найрлагад байхгүй  халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа аливаа өвчнөөс сэргийлдэг аж.

Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй.

Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг аж. Тодруулбал, эхийн дархлаа сайжрах ба умай сайн агшина. Жирэмслэлт хоорондын зай уртасна, хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасах давуу талтай гэнэ. Иймд хүүхдийг эхийн хөхний сүүгээр хооллохыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас уриалав.

 

 

Холбоотой мэдээ