Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-14 12:30:09

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулсан 540 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол наймдугаар сарын 14-нд Сайншанд хотод боллоо.

Орон сууцанд газрын тосны дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд  юун түрүүнд байрлах бөгөөд цаашдаа үйлдвэрт ажиллах монгол ажилчдын орон сууц болох аж. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллах бол Дорноговь аймгийн барилгын компаниуд консерциум болж бүтээн байгуулалтад оролцохоор болжээ.


 

Барилгын ажлыг гурван үе шаттай гүйцэтгэх бөгөөд эхний удаа буюу 2019-2020 оны хооронд оффисын үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууц нэг, хоёрдугаар ээлж 2020-2021 онд үргэлжилж мөн л 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууц нэг, гуравдугаар ээлж 2023 онд эхэлж 400 хүүхдийн ахлах сургууль, 400 хүүхдийн бага сургууль, 270 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг хөгжлийн банкнаас гаргахаар төлөвлөжээ. Шав тавих ёслолд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг,  "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат болон албаны хүмүүс, нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Одоогийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болох төмөр замын ажил дуусч улсын комисс хүлээн авах үлдсэн бол авто замын хучилтын ажил үргэлжилж байна.

Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилбэл үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Газрын тосны үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон.

Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил аж. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн аж.





Холбоотой мэдээ