"Цагдаагийн олимп"-оос хоёр алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 16:10:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотноо болж буй "Цагдаагийн олимп"-д оролцож буй манай улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хоёр тамирчин Жүдо бөхийн төрлөөр алтан медаль хүртлээ. 


Жүдо бөхийн эмэгтэй 78 кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66 кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар алтан медаль хүртсэн байна.



Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид эхний өдрөө Жүдо бөхийн төрлөөр таван мөнгөн, нэг хүрэл медаль хүртэж олимпийн амжилтын салхийг хагалсан юм. Тэмцээн өнөөдөр Жүдо бөхийн төрлөөр үргэлжилж байна.


"Цагдаагийн олимп"-ийг 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод наймдугаар сарын 8-18-нд болж байна. Манай улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос тус олимпд оролцжээ. Энэ хугацаанд нийт 35 алтан, 23 мөнгөн, 12 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна. 

Холбоотой мэдээ