Газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхон барих материалыг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 16:52:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр өргөн мэдүүлэв.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ажлын хөтөлбөрийн хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар ажиллаж байна. Үйлдвэрийн барилга-угсралтын ажилд 2020-2023 онд 7000 орчим инженер, техникийн болон туслах ажилтан оролцоно хэмээн тооцоолсон. Тэдгээрийг ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах үүргийг Монголын тал хүлээжээ. Иймд Дорноговь аймгийн Сайншанд суманд 550 айлын орон сууц бүхий газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоныг энэ оны гуравдугаар улиралд эхлүүлэн 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 



Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөв дүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 


Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах юм. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд боловсруулсан байна.

Холбоотой мэдээ