Хорват улс 476 дүрвэгчийг хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-06 11:21:48

МОСКВА. /Sputnik/. Дүрвэгч, цагаач солилцох тухай Европын Холбоо /ЕХ/-Туркийн хооронд байгуулсан гэрээний дагуу Хорват улс 476 дүрвэгчийг хүлээн авах гэж байгаа боловч тэднийг улс орондоо байлгах нь хүндрэл учруулна гэж үзэж байгаагаа тус улсын Гадаад хэргийн сайд Миро Ковач мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард ЕХ, Туркийн байгуулсан гэрээний дагуу, нутаг дэвсгэрээр нь дамжин ЕХ-нд нэвтэрсэн бичиг баримтгүй цагаачдыг Турк улс буцаан татаж, хариуд нь мөн тооны сири дүрвэгсдийг ЕХ-ны орнууд руу шилжүүлэхээр тохиролцсон байна.

Гэвч дүрвэгсдийн агентлагууд болон хүний эрхийн төлөөх идэвхтнүүд уг гэрээг буруушаажээ. Тэд дүрвэгсдийн аюулгүй байдлыг Турк хангаж чадах эсэхэд эргэлзэж байна.

Өнгөрсөн онд 1.8 сая гаруй хүн Европ тивд ирснээр дэлхийн II дайнаас хойших хугацаан дахь хамгийн том цагаачдын хямрал дэгдсэн юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ