Армида Салсиа Алисжабана: Монгол Улс өсөн дэвжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
khandmaa@montsame.gov.mn
2019-08-19 11:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд сэргэж эхэлсэн нь эдийн засгийн таагүй гадаад орчин, нөхцөл байдлаас үүдэн бий болсон сорилтуудыг амжилттай даван туулж байгааг харуулж байна. Монголын эдийн засаг ийнхүү сэргэж байгаа нь гэнэтийн зүйл биш байсан юм. Далайд гарцгүй жижиг оронд байдаг жам ёсны хүндрэл бэрхшээлээс гадна эдийн засаг нь байгалийн баялгаас ихээхэн хамааралтай байдаг боловч тус улс эдийн засгийн богино хугацааны сорилтуудыг даван туулж, тогтвортой хөгжлийн төлөөх урт удаан хугацааны зорилтуудаа тодорхойлж чадлаа.


Монгол Улс НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг дэмжсэн анхны улс орнуудын нэг байсан бөгөөд уг хөтөлбөрийг дэлхий даяар баталснаас зургаахан сарын дараа тус улсын парламент “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх баримт бичгийг баталсан билээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг төрөлжүүлэх, сайн засаглалыг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилт тусгагдсан нь үүний тод жишээ юм. Монгол Улс үндэсний хөгжилдөө ач холбогдол бүхий асуудлаар стратегийн шийдвэр гаргахдаа эдгээр бодлогын хэрэгслүүдийг сайтар ашиглаж ирлээ. Тухайлбал, Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад учирдаг хүндрэл бэрхшээл, хэрэгцээг дэлхий дахинд ойлгуулж, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээг сурталчлах үйлсийг манлайлж байгаа билээ. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тус улс далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн асуудлаарх итгэл хүлээсэн зуучлагч болж, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан тод жишээ болж байна.
НҮБ-ын АНДЭЗНК-ын зүгээс дэмжлэг үзүүлж буй Азийн хурдны замын сүлжээ, Ази тивийг дамнасан төмөр замын сүлжээ, Хуурай замын боомт зэрэг тус тусдаа боловч харилцан хамаарал бүхий Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүдийг байгуулах асуудлаарх санаачилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байна. Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын дагуу автотээвэр гүйцэтгэх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох талаар сүүлийн үед нааштай алхмууд хийгдэж байгааг бид дэмжиж байна.
Одоогоор Монгол Улс Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр зэрэг худалдааг хөнгөвчлөх талаарх НҮБ-ын АНДЭЗНК-ын санаачилгыг дэмжиж, идэвхтэй оролцож байна. БНХАУ, ОХУ зэрэг томоохон эдийн засгийг холбох цэг болдгийн хувьд Монгол Улс тээврийг хөнгөвчлөх салбар дахь өөрийн байр сууриа бэхжүүлэх боломжтой. АНДЭЗНК-ын гишүүн болох Ази, Номхон далай бүс нутгийн хөгжиж байгаа орнуудад элсэхэд нээлттэй, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх зорилго бүхий Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс долоо дахь гишүүнээр удахгүй нэгдэн орох гэж байгаад бид баяртай байна.

Монгол Улс нь цэвэр, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүч (нар, салхины)-ний нөөцийг ашиглан Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зүүн хойд Азийн дэд бүс нутаг нь дэлхийн хүлэмжийн хийн гуравны нэгийг ялгаруулж, агаарын бохирдлын ноцтой үр дагаврыг мэдэрч байдгийн хувьд тус бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой холбоотойгоор эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал хүчтэй дэмжлэг авдаг.

Эдийн засгийн бүтцийн болон хүрээлэн буй орчны эмзэг нөхцөл байдлаас хамаарч Монгол Улсын хувьд нэг талаас нийгэм, эдийн засгийн урт хугацааны асуудлыг шийдвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийх, нөгөө талаас тогтворгүй, таамаглах боломжгүй гадны үр нөлөөг богино хугацаанд арилгахад чиглэгдсэн бодлогын шуурхай хариу арга хэмжээ авах хоёр шаардлагын дундаас тэнцвэрийг олох асуудалтай тулгардаг. Энэхүү нөхцөл байдлаас хамаарч эдийн засаг, нийгэм болон байгаль орчны сөрөг нөлөөллийг тэсвэртэй даван туулах чадвараа бэхжүүлэн үндэсний эдийн засаг, бүс нутгийн хөгжил болон дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг урагшлуулахад чиглэгдсэн уялдаа холбоо бүхий бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага Монгол Улсын хувьд үүсэж байна. Энэ ч үүднээс Монгол Улс "цогц засаглал" болон "цогц нийгэм" гэсэн бодлогын чиг хандлагад анхаарч байдгийг миний бие хувьдаа дэмждэг.

АНДЭЗНК-ын зүгээс өөрийн олон төрлийн харилцан хамаарал бүхий бүтцээрээ дамжуулан бүс нутгийн худалдаа, холбоо харилцаа болон хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах үед тус байгууллагын найдвартай түнш болохоо Монгол Улс олон жилийн турш харуулсан. Монгол Улс 2019 оны 5 дугаар сард болсон НҮБ-ын АНДЭНК-ын 75 дугаар чуулганыг даргалж, мөн үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг урагшлуулахад манлайлах үүрэг гүйцэтгэсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд тулгарч байсан хөгжлийн сорилтуудаас сургамж авч, ирээдүйн нөөц боломжийг нээхэд чиглэгдсэн шинэ хандлага, чиг баримжааг баримталснаар бүс нутаг дахь Монгол Улсын байр суурь, чадавх цаашид нэмэгдэх болно. Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг НҮБ-ын гэр бүлтэй хамтран 2030 онд гэхэд хэрэгжүүлэх үүднээс миний бие Монгол Улсын удирдлагатай хамтран ажиллахад таатай байх болно.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Салсиа Алисжабана

Холбоотой мэдээ