Залуучуудын хөгжлийн сарыг “Боломж таны гарт” уриан дор тэмдэглэнэ.

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-19 22:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ныг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран жил бүрийн найм, есдүгээр сарыг "Залуучуудын хөгжлийн сар" хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэнэ. 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий “Энэ жил  залуучуудын хөгжлийн сарыг “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриатайгаар тэмдэглэнэ. Залуучууд маань өөрсдөө хичээж, тууштай байж чадвал эх орондоо хөдөлмөр эрхэлж дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломж ч нээлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран жил бүр  мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, 1893 залуу сургалтад хамрагдаж, 45 залуу бизнес инкубатор төвд дадлагажих хугацаандаа КОЙКА-гийн санхүүжилтээр сард 440.000 төгрөгийн тэтгэлэг авлаа. 120 залуу мэдээлэл, технологийн чиглэлээр ажлын байртай болж, хөдөлмөр эрхэлж байна. Одоогийн байдлаар “MKIT” сургалтын төвийг амжилттай төгссөн 13 залуу БНСУ-аас аутсорсинг захиалгын гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч байгаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт ажлыг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулж байна.  

Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран Залуучуудын хөгжлийн сарын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан сурталчилж байна” гэлээ.  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх ажлын туршлагатай, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-нд нийслэлийн “Залуучуудын хөгжлийн төв”-д зохион байгуулна. 

Холбоотой мэдээ