У.Хүрэлсүх: Олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага ажиглагдаж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 14:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдэвт Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурал өнөөдөр болж байна. Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь хоёр орны бизнес эрхлэгчдийн холбоог улам бэхжүүлж, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.


Тэрбээр "Өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм. Мэдээлэл харилцаа холбоо, аж үйлдвэрлэлийн технологийн дэвшил тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн өөрчлөгдөж байна. Энэ бол бидний амьдарч буй цаг үеийн нэгэн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг даван туулах зорилготой, 2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлж, ногоон тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгож байна. Гэвч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжид эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага ажиглагдаж байна. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд давуу талаа ашиглан, бие биенийхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хурлын гол санаа байна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтай хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлж байна" хэмээв.


Түүнчлэн түнш орнууд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж байгааг тэмдэглээд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд онцоллоо.


Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана нар оролцож үг хэллээ. Азийн төлөөх форумын Улаанбаатрын Бага хуралд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны Засгийн газрын болон хувийн хэвшлийн 300 орчим  төлөөлөл оролцож байна. 

Холбоотой мэдээ