Зөвшөөрөлгүй барьсан 16 гараашийг буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-22 11:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 16 гараашийг өчигдөр албадан буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 198 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж байна.


Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлыг хариуцан, гүйцэтгэж байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хууль бусаар газар эзэмшиж буй иргэдэд шаардах хуудас хүргүүлж, 53 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн газруудыг иргэд, олон нийтэд зориулсан ашиглалтын талбай, эсвэл явган хүний зам, авто зам болгон засаж тохижуулах ажээ.

Тухайн газруудыг ашиглаж байсан иргэдэд нөхөн олговор олгох талаар тодруулахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас, ямар нэгэн хууль ёсны дагуу зөвшөөрөлгүй, тухайн газрын эзэмшигч гэсэн бичиг баримт байхгүй бол нөхөн олговор олгох боломжгүй гэсэн хариу өгч байна. Газар чөлөөлөх ажлын зардлыг нийслэл хариуцаж байгаа аж.


Тухайн ААН, иргэд нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байсан гэдгээр газар чөлөөлөх явцад үүсэх хохирлыг барагдуулахгүй юм байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан обьектуудыг чөлөөлснөөр тухайн бүс нутагт орчны бохирдол үүсэж байгаа. Үүнийг арилгаж цэвэрлэх ажлыг тухайн бүс нутгийг хамарсан СӨХ зэрэг байгууллагад хариуцуулж өгнө. Нийтийн эзэмшлийн талбайг нийслэлээс хариуцах ч зарим тохиолдолд ААН-үүд тохижилт хийдэг. Чөлөөлсөн газруудад цаашид ямар нэгэн барилга, байгууламж баригдахгүй гэсэн тайлбарыг албаныхан өгч байна.


Мөн нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт буюу "UB palace"-ийн хойд талын үерийн далан дагасан авто замыг "П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг"-ийн арын замтай холбох 1.2 км авто зам тавихтай холбоотойгоор ажлын нөхцлийг хангахаар уг замын трасст өртсөн, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг мөн буулгаж газрыг чөлөөлж байна.

Холбоотой мэдээ