Сав баглаа, боодлын маркетингийг дээшлүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-22 15:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Сав баглаа, боодлын байгууллагаас “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын брендинг, маркетинг” сэдвээр манай улсад олон улсын сургалт зохион байгуулна.

Энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа нар мэдээллээ. Энэ наймдугаар сарын 27-29-нд ХХААХҮЯ-нд болох сургалтыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулж байна.


Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын дэд ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нар манай улсад ирж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 модуль сургалт хийх юм.


Энд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн ААН-үүд хамрагдах талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ