Зөвшилцлөөс гарсан саналыг Байнгын хороонд шилжүүлэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 18:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг өнөөдөр хуралдаж, Зөвшилцлийн хүрээнд гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураан Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Зөвшилцлийн багаас гаргасан шийдэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд багаас зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн томьёолж санал хураалгахад бэлэн болгожээ. Зөвшилцлийн ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, мөн УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан томьёолж авч үзэхэд Үндсэн хуулийн нийт зүйлийн 34.2 хувийг хамаарч байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцэж буйг ажлын багийн ахлагч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин танилцуулав.  



Ингээд зөвшилцлийн Ажлын багаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Зармын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан гишүүд ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нараас тодруулсан юм.


Зөвшилцөх ажлын баг тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Энэ дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас 35 зарчмын зөрүүтэй санал томъёолж, бэлтгэснийг санал хураан шийдвэрлэв. Гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо. 



Хуулийн төсөлд нам улсын хэмжээнд ажиллах заалтыг нэмэхээс гадна намын дотоод зохион байгуулалт, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байхаар зохицуулжээ. Намын зохион байгуулалт, ажиллах журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоохоор тусган өөрчилж, найруулахаар болжээ. 


Нам байгуулахдаа, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэх агуулгатай заалт нэмж тусгасан байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 50 мянга нэгээс доошгүй иргэн нам байгуулна гэж тусгасан заалттай зөвшилцсөнөөр дээрх өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн ашиг сонирхлын зөрчил хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний 1/4-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал гаргавал, уг хороог байгуулна гэж заажээ. Харин Байнгын хороо болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааг хуулиар тогтооно гэснийг хэвээр үлдээсэн байна. 


Байгалийн баялгийн өмчлөлтэй холбоотой хэсэгт, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар боллоо.


Мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг дэмжив. Энэ саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгаад байсан юм.



Ажлын багийн саналаар УИХ-ын гишүүний тоог 76 байсныг 99 болгож, бүрэн эрхийнх нь хугацаа дөрвөн жил байсныг таван жилээр өөрчлөхөөр болов. Энэ санал нь зөвшилцлийн ажлын багийн хүрээнд ярилцаж тохирсон аж. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгажээ. Мөн УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас өөр ажил, албан тушаал хавсрахгүй байхыг хуульчилсан байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцвал бүрэн эрхийг нь эгүүлэн татах үндэслэл болох юм. 


Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэх бөгөөд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэж өөрчлөн найруулахаар болов. 



“Шүүхийн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэн агуулгатай Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмэхээр тогтлоо.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг нь шүүгчид дотроосоо сонгоно, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос, гурвыг УИХ-ын холбогдох Байнгын хорооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно гэж өөрчи. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгох юм. Зөвлөлийн ажлын тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтоохыг гишүүдийн саналаар тусгалаа.



Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдлээ.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэж өөрчлөлт оруулжээ. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ гэсэн агуулгатай заалт нэмэхийг ажлын багийн гишүүд дэмжсэн юм. 


Үүгээр ажлын багийн хуралдаан өндөрлөлөв. Ажлын багаас гарсан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн санал хурааж шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ