Гурван улсын оюуны өмчийн байгууллагын VII бага хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-29 16:03:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил сэдэвт Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын VII бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.


Хуралд Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн газрын дэд дарга Любовь Леонидовна, БНХАУ-ын Үндэсний Оюуны өмчийн газрын дэд дарга Ган Шаонинг тэргүүтэй гурван улсын оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчид оролцож, газар зүйн заалтын эрхийн хамгаалалтын чиглэлээр гурван орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчин, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бодлогын талаар санал солилцож байна.


Газар зүйн заалт нь тухайн газар нутгаас гаралтай онцгой шинж чанар, нэр хүндийг илтгэх бүтээгдэхүүний тэмдэг юм. Манай улс 2004 оноос хойш газар зүйн заалтын 35 мэдүүлэг мэдүүлснээс тав нь гадаад, 26 нь дотоод эрхийн хамгаалалт хийлгэжээ. Тухайлбал Завханы улаан хальст сармис, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, Увсын чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг дурдаж болох юм.


Монголын хангай говь хосолсон байгаль газар зүйн өвөрмөц тогтоц, цаг агаарын эрс тэрс уур амьсгал, газрын баялаг, онцлог шинж чанар нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний шинж чанарт нөлөөлж дахин давтагдашгүй болгодог. Энэ чиглэлээр хөрш орнуудын туршлага, эрх зүйн орчин нөхцөлтэй танилцаж орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ санаачлагыг бий болгоход уг хурал чухал ач холбогдолтойг Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн онцоллоо.



Тэрбээр Манай улсын хувьд байгаль цаг уурын онцлог, уламжлалт соёл ахуйтай холбоотой газар зүйн заалт болон оюуны өмчийн салбарт маш их боломж байдаг. Бүтээгдэхүүний дэлхийн зах зээл тэр дундаа хөрш орнуудын зах зээл дээр гарах чанарыг баталж, үнийг өсгөх боломж нь газарзүйн заалт юм. Түүнээс гадна уламжлалт ахуй, соёлоо хамгаалан үлдэхэд чухал нэмэртэй. Газарзүйн заалт нь манай хөрш орнуудын хувьд ч шинэ ойлголт юм. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын газарзүйн заалттай холбоотой Лисабоны гэрээ гэж бий. Манай улс энэхүү гэрээнд нэгдэн орохоор судлаж байна. Жишээлбэл Франц улс энэхүү гэрээнд нэгдэж 400 орчим газарзүйн заалт бүртгүүлсэн байдаг. Хамгийн олон газар зүйн заалт бүртгүүлсэн улс орнуудыг харахад яах аргагүй өөрийн гэсэн онцлог соёл, ахуйтай байдаг. Бид хамгийн эрүүл, эко тодотголтой олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учир манай улсад маш их боломж харагдаж байна. Газар зүйн заалтад бүртгүүлснээр манай бүтээгдэхүүний чанарын баталгаа нэмэгдэж, үнэ өсөх нөхцөл бүрдэнэ гэлээ.


ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн газрын дэд дарга Любовь Леонидовна:Манай гурван улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй өнөө цагт оюуны өмчийн асуудал чухал байр суурь эзэлж байна. ОХУ-ын хувьд, энэ сэдэв анхаарлын төвд байгаа. Учир нь бид энэ жил Газар зүйн заалтын тухай шинэ хууль баталсан. Тиймээс хөрш хоёр орноос хууль эрх зүйн орчин, бодит хэрэгжилтийн талаар туршлага судлах шаардлагатай байна. Монгол Улсын засгийн газар энэ асуудалд бас онцгой анхаарч байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж онцолсон. Үүнтэй холбоотой Монгол Улсын Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэн тэлж байгаа нь Монгол Улсын олон улс дахь байр суурийг бататгаж, эдийн засагт хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хэмээв.



БНХАУ-ын Үндэсний Оюуны өмчийн газрын дэд дарга Ган Шаонинг:Аливаа улсын оюун өмч, инновац, шинэ санаачилга эдийн засгийн хөгжил, гадаад худалдаанд чухал нөлөө үзүүлдэг. Газарзүйн заалт бол оюуны өмчийн чухал салбар хэсэг юм. Уг заалтыг хэрэгжүүлснээр Хятад улс орон нутаг, тариалангийн бүсийн оршин суугчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс эдийн засгийн өндөр үр өгөөж хүртэж байна. Тухайн бүс нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг газар зүйн заалтад бүртгүүлэх нь манай улсын зарим хөгжил буурай, хоцрогдсон бүс нутгийн ард иргэдийн амьдралыг ядуурлаас гаргах гол хөшүүрэг болж байгаа. Монголын ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэлд оюуны өмчийн олон бүтээл хэрэглэгдэж байна. Тэр бүтээгдэхүүнүүд манай зах зээлд гарвал олон хэрэглэгчийн сонирхлыг татах боломжтой гэв.


Холбоотой мэдээ