Монгол, Оросын ард түмний баатарлаг гавьяаг гэрэл зургаар харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-02 16:25:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын тулалдааны түүхэн гол гол үйл явдлыг гэрэл зургаар харуулсан “Хоёр ард түмэн-Нэг ялалт” үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн нээлтэд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиогийн Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ксения Александровна Франчук, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Лиштованный Евгений Иванович нарын зэрэг албаны хүмүүс, үе үеийн гэрэл зурагчид оролцов.


Үзэсгэлэнг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан түүхэн ялалтын ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулж чадсан юм. Түүхийг гажуудуулах гэсэн оролдлого байнга гарч байгаа өнөө үед манай хоёр ард түмний баатарлаг гавьяаг харуулсан түүхэн зургуудыг залгамж хойч үедээ таниулах нь манай гэрэл зургийн үзэсгэлэнгийн зорилго юм. Үзэсгэлэн гаргах санаачилгыг анхлан гаргасан “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиогийн удирдлага, хамт олон болон үзэсгэлэнгийн нээлтэд Москва хотоос хүрэлцэн ирж оролцож байгаа тус агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хатагтай Ксения Александровна Франчук Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид цаашдаа олон чухал түүхэн болон орчин цагийн үйл явдлаар төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна. “Спутник” радио бол манай ард түмний нэрлэж заншсан “Москвагаас ярьж байна” буюу “Москвагийн Олон улсын радио”, “Оросын дуу хоолой” радиогийн залгамжлагч гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.


Үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байгаа нь”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс зэрэг 20 гаруй гэрэл зургийг дээжлэн үзүүлж байна. Мөн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Л.Санжмятавын 1984 онд дуран авайдаа буулгасан “Дайны мөр” хэмээх зураг үзэгчдийн сонирхлыг нэлээд татаж байв.

Харин Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь”, “Халх голын байлдааны үеэр ажиллаж байсан цэргийн сурвалжлагчид” зэрэг 36 гэрэл зургийг дэлгэжээ.


"Энэхүү үзэсгэлэнгээр түүхэн үйл явдлыг гуйвуулж буй хандлагад зохих ёсоор няцаалт өгөхийг зорьсон" гэдгээ “Россия сегодня” агентлаг болон “Спутник” радиогийн Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ксения Александровна Франчук онцлоод, үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан МОНЦАМЭ агентлагийн хамт олонд талархал илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Халх голын байлдааны бодит үнэнийг гэрэл зургаар харуулж байгаа нь, түүх үнэнээрээ байх нь ямар үнэ цэнтэй байдгийг өнөө үеийнхэнд таниулсан, түүхийн үнэ цэнийг бодитоор харуулсан үзэсгэлэн боллоо. Энэ ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол,  газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний амар амгалан амьдралыг бий болгохын төлөө тулалдаж явсан цэрэг дайчид, эх оронч охид хөвгүүдийн баатарлаг үйл хэргийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй” гэдгийг тодотгов.

Тус үзэсгэлэнг дөрөв хоног дэлгэн үзүүлэх юм.



Холбоотой мэдээ