Нуурын усыг сэргээж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-07 21:08:40

Дундговь аймгийн Адаацаг сумын  нутаг Сүм Хөх Бүрдийн нуурыг сэргээж, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн явцтай аймгийн Засаг дарга танилцав.

Энэ төслийг Дундговь аймаг орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгөөр өнгөрөгч 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд одоогоор төслийн гол ажлын ард гараад байгааг гүйцэтгэгч “Санжат” ХХК- ийн инженер З. Нацагдорж танилцуулсан байна.

Тодруулбал, гүний худаг гаргаж, түүнээсээ нуурын усыг тэжээх шугам хоолой татан, нуурын дунд усан завины суваг байгуулжээ. Нуурын урд эрэгт үйлчилгээний төв барих бөгөөд барилгын суурийн цутгалт хийж байна. Мөн нуурын зүүн хойд эрэгт байх эртний чулуун барилгын дэргэд музейн барилгыг эхлүүлжээ.

Инженер З. Нацагдоржийн хэлснээр нуур сэргээх ажлын дараагаар хамгаалалтын хашаа барих болон орчны тохижилтын ажлыг эхлүүлнэ гэв.

Энэ төслийн үр дүнд цэвэр усны 530 гаруй метр, ариутгах татуургын 240 метр шугам хоолой угсарч, гүний хоёр худаг гаргаснаар нуурын усыг сэлбэн тэжээх усны эх үүсвэрийг бий болгоно. Нуурыг тойруулан 1900 гаруй метр хашаагаар хашиж хамгаалах бөгөөд нуур хамгийн гүехэндээ 1.2 метр устай байхаар тооцож байгаа юм. Музей, үйлчилгээний төв, усан бассейн, элсний волейболын талбай, явган хүний зам, цэцэрлэгжүүлэлт гэх зэргээр амралт, аялал зугаалгын орчинг бүрдүүлнэ.

 Энэ бүтээн байгуулалт  25 га газар эзэлж байгаа бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ