Ж.Сайнцог:Өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-06 09:55:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Өнгөрсөн даваа гарагт хуралдсан “Удирдах ажилтны мэдээллийн цаг”-аар аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг удирдлагуудад онцгойлон анхааруулж байсан. Үүнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ж.Сайнцогоос тодруулга мэдээлэл авлаа.


-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна. Аймгийн дарга ерөнхийд нь шуурхайлах, хариуцлагатай байх үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал сумдын бэлтгэл ажил ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот “2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар батлагдан гарсан. Энэхүү албан даалгаврыг бүх суманд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хүдэр, Түшиг, Шаамар, Сант сумын халаалтын төвүүдийн бэлэн байдал бүрэн хангагдсан. Харин Баянгол, Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар сумын халаалтын зуух, шугам сүлжээний засварын болоод үйлчилгээ хийх, түлээ нүүрс татах ажил 50-80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

Мөн Орхон суманд төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дууссан. Халаалтын төвийг хараахан бариагүй байна. Жавхлант сумын төвлөрсөн шугам сүлжээ, халаалтын төвийн барилга байгууламжийн ажил дуусаагүй байгаа тул 2019-2020 оны өвөлжилтийг байгууллага бүрийн хуучин зуухаар халаалт өгөхөөр зохицуулсан байгаа. Мөн Сант сумын төвийн цэвэр усны шугам сүлжээ муудсан, Цагааннуур сум, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын зуухнуудын утаа сорогч зэргийг түргэн шуурхай засварлах шаардлагатай байгааг аймгийн удирдлагад уламжлаад байна. Сумдын халаалтын төвүүдийн нүүрс таталтын ажлыг эхлүүлсэн. Гэвч Шарын голын уурхайгаас гэрээ байгуулахдаа урьдчилгаа 30 хувийн төлбөрийг шаардаж байгаа нь жаахан хүндрэлтэй болоод байна.

-Аймгийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр явцтай байна. Гол төв болсон дулааны станц маань бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Аймгийн төвд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 58 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө гаргасан бөгөөд ажлын гүйцэтгэл 50.5 хувьтай явж байгаа. Энэ маань хуучин байсан өр авлагын асуудлаас үүдэн багахан хугацаанд зогсонги байдалд орсноос болсон байсан. Одоо засварын ажил хэвийн үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 3000 тн  нүүрсний нөөцтэй байна.

-Байгууллага, оршин суугчдын тухайд цэвэр усны асуудал нэлээд гардаг. ”Урсгал ус” ХК-ийн засвар үйлчилгээний ажил ямар шатанд явж байна?

-“Урсгал ус” ХК нь нийт 36 ажил төлөвлөснөөс 23 ажлыг хийж 73.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үлдсэн 13 ажлууд болох цэвэр усны худаг дулаалга, ус түгээх худгуудын засвар үйлчилгээ, эх үүсвэрийн нэг худгийн цахилгаан хангамж, 2-р өргөх станцын цахилгаан хөдөлгүүрийн засвар зэрэг ажлуудыг ирэх 9,10-р сард хийхээр төлөвлөсөн байгаа.

-Цахилгаан хангамжийн тухайд бэтгэл ажил хэр урагштай байна?

-“ДСЦТС” /Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ/ ХК цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө, дагалдах тоноглолын засварын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Эдний төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа болохоор өвөлжилтөд хүндрэл үүсэхгүй болчихно гэж бодож байна. Мөн Шаамар сумын Дулаанхаан тосгоны тэжээлийн төв шугам “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын доогуур огтлолцон орсон байдаг. Энэ маань эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх боломжгүй нөхцөл үүсэх шалтгаан болдог. Иймээс тус шугамыг агаараар татах шаардлагатай байгаа саналаа “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д явуулж зөвшилцөн зураг төслийн ажлаа хийж байна.

-Зам засварын ажлуудыг ямар хэмжээнд хийж байна вэ?

-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК нь хариуцан ажилладаг авто зам гүүрүүдийн урсгал засварын ажлаа 80 хувийн гүйцэтгэлтэй хийж байна. Мөн Арангатын даваан дээр 8 хүний бүрэлдэхүүнтэй гурван төрлийн машин механизмтай шуурхай хэсэг байрлан бэлэн байдлыг хангасан байгаа. Өвлийн онцгой нөхцөлд зам даваан дээр хэрэглэх хуурай дайрга, шороо-300м3, давс, цас хайлуулах бодис зэргийг нөөцөлсөн байгаа.

 

Холбоотой мэдээ