Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-06 20:55:26

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төвөөр урсах Чигэстэй голын урсацын хэмжээ өнгөрсөн жил нэмэгджээ.

Сүүлийн 30 жил тасралтгүй буурч байгааг хоёр жилийн өмнө мэргэжлийнхэн мэдээлж байсан бол өнгөрсөн жил хур бороо элбэгтэй байснаас урсацын хэмжээ багагүй нэмэгдсэн гэв. Гэхдээ зарим хур бороотой жил урсац нь нэмэгдэж нөхөгддөг хэдий ч усны хэмжээ буурч байгаа ажээ. Завхан аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорх усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна.

Чигэстэй гол нь Азийн гадагш урсацгүй ай савд багтдаг бөгөөд наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар хоногт 2-12 см буурсан ба сүүлийн 10 хоногийн дунджаараа 2018 оны мөн үеийнхээс 10-45 см бага байна хэмээн УЦУОШГ-аас мэдээлжээ.

Чигэстэй голын тухайд гадаргын ба гүний усаараа Улиастайнхны ундны усны хэрэгцээг хангадаг гол юм. Иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, тэдэнд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг мөн албаныхан дуулгав.

Харин өнөөдөр Завхан аймагт "Ус" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн, дэд хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг ИНБ-ууд хамтран хийж эхэлжээ.

Холбоотой мэдээ