Үндсэн хуулийн төслийн Томьёоллын ажлын баг хуралдав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-09 09:50:07
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил арга зүйгээр туслах үүрэгтэй Томьёоллын ажлын дэд баг өчигдөр Төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд багтай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй хуралдав. 


УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,  төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.  Энэ хүрээнд дээрх ажлын багууд хуралдсан юм. 


Томьёоллын дэд ажлын багийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал  хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өдөр, шөнөгүй олон талаас нь хэлэлцсэн бөгөөд, тэдний олонхын санал авсан зүйл, заалтуудын агуулгыг өөрчлөхгүйгээр зайлшгүй засах  шаардлагатай утга найруулга, үг үсгийн алдаатай  өгүүлбэрийг  нягтлан  хэлэлцэж, хуулийн томьёолол болгохоор ажиллана гэдгийг онцолсон. 



Хуралдааны үеэр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтыг одоогийн дагаж мөрдөж байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу цэгцлэх эсэх асуудлыг тодруулж байлаа. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал нар Үндсэн хуулийн цэг, таслалыг өөрчлөх нь  нэмэлт, өөрчлөлтийн асуудал болдог. Иймд энэ удаа 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учир тэр үед бичигдэж үлдсэн зөв бичих дүрмийн дагуу төслийн зүйл, заалтынхаа үг үсгийг нийцүүлнэ гэж байлаа. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах,  Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр дэмжигдсэн 30 гаруй саналын томьёоллын нэг бүрчлэн нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбарын хамт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд багтай хамтран хуралдаж дахин нягталсан юм. 



Хамтарсан хуралдааны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд баг дахин хуралдаж Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зүйл, заалт тус бүрийг дахин нягтлаад дэд ажлын багийг санал, тайлбар мэдээллийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ