Томьёоллын ажлын багийн найруулгыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-09 16:59:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. 


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Томьёоллын ажлын баг, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын баг  өчигдөр хуралдаж, хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн заалт бүрийг хэлэлцэж, найруулгын өөрчлөлт хийснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүн Үндсэн хуулийн 19.1-т заасан хэсэгт нам “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, 49.5-т “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. 


Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


Ингээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ