Азийн Паралимпын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-09-13 19:11:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Азийн Паралимпын хорооны гүйцэтгэх захирал Тарек Соуейг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, анх удаагаа маргааш тэмдэглэх гэж буй Монголын Үндэсний Паралимпын өдөрт оролцохоор БСШУС-ын сайдын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. 

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Биеийн тамир, спортын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир, спортын үйл ажиллагааг тодорхой чиглэлээр хуульчилж өгсөн. Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортод татан оролцуулах, тэдний амьдралын зөв дадал хэвшилд сургах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэхэд туслах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор пара спортын 7 төрөлд үндэсний шигшээ багийг байгуулан төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үндэсний хэмжээний спортын наадмын хөтөлбөрт пара спортын төрлүүдийг тогтмол оруулдаг болсон. Монгол Улсын хэмжээнд пара спортын 17 төрлийн холбоо ажиллаж байна. 

Төрөөс тодорхой арга хэмжээг авч байгаа ч Паралимпын тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, спортын эмч, хөдөлгөөн засалч мэргэжилтэн бэлтгэх, спортын сэтгэл судлаач бэлтгэх, тэдгээрийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай тэрээр танилцуулж, Азийн Паралимпын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Тарек Соуей, Хөгжингүй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг адил түвшинд хөгжүүлэх, үнэлэх бодлогыг сайн хэрэгжүүлэн ажиллаж байгааг сайшааж, цаашид дэмжин ажиллахаар боллоо.

 

Холбоотой мэдээ