“Miss World-2019” тэмцээнд М.Цэвэлмаа оролцохоор боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-16 13:53:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Дэлхийн мисс-2019" тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслол энэ сарын 15-нд "Холидэй Инн" зочид буудалд боллоо. Шилдгийн шилдэг 11 гоо бүсгүйгээс шалгарсан түүнд  гоо бүсгүйн тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан байна.

Ийнхүү М.Цэвэлмаа ирэх 12 дугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо болох дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа бөгөөд “Miss World-2019” тэмцээнд  дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм. Тэрээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрсөн хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн, "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлт гоо бүсгүйгээр тодорч байжээ.

Дэлхийн миссийн тэмцээнд Монголын бүсгүйчүүд жил ирэх тусам амжилттай оролцож байгаа бөгөөд мисс А.Баярцэцэг “People’s choice” номинацийн ялагчаар тодорч шилдэг 11 дүгээр байр, мисс Ц.Энхжин шилдэг 15-д багтаж байлаа. Өнгөрсөн жил мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарсан юм.

Холбоотой мэдээ