“Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нь” төсөл нэг тэрбум гаруй төгрөгөөр хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-19 14:51:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр 2015 оны тавдугаар сарын 30-наас 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн хооронд нэг тэрбум гаруй төгрөг /395,339 доллар/-өөр Говь-Алтай аймагт хэрэгжсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нь” төсөл есдүгээр сарын 18-ны өдөр хаалтаа хийлээ.

Хаалтын үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга А.Амарзаяа, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Филин Ийвэрт үйл ажиллагаа болон баруун бүс хариуцсан захирлууд, орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрийн хамт олон, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугараар ахлуулсан баг хамт олон, тус салбарын төлөөллүүд, сумдын шат шатны удирдлагууд, эцэг эх, сайн дурын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга А.Амарзаяа хэлсэн үгэндээ “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-ын төлөөлөгчийн газрын хамт олонд аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. “Манай аймагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах нэн шаардлагага байсан билээ. Уг төсөлтэй холбогдуулан 2016-2019 оны Говь-Алтай аймгийн эдийн засаг-нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодлоготой уялдуулан 2019 оны үндсэн чиглэлд орсон Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Халдварт өвчнөөс сэргийлэх нь, Элэг бүтэн-Алтайчууд, Амны хөндийн эрүүл мэнд, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах гэх мэт бодлогын асуудлуудыг амжилттай хэрэгжүүллээ. 

Төсөл хэрэгжих явцад эмч эмнэлгийн ажилтанд аймаг, сумын түвшинд удаа дараа сургалт зохион байгуулсан байна. Тодруулбал сумдад ажиллаж буй 55 эх эмч, багийн 73 эмч, 125 сувилагч болон өрхийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 3-5 удаагийн сургалтад хамрагдсан байна. Түүнчлэн 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг дөрвөн жил тус аймгийн бүх суманд зохион байгуулжээ. Мөн Говь-Алтай аймагт сайн дурын ажилтнуудыг олноор бэлтгэсэн бөгөөд өдгөө 180 орчим нь идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

Төслийн хүрээнд зургаан суманд хүүхдийн эмчилгээний өрөө, долоон суманд эхийн амрах байр, сургалтын өрөөг тохижуулсан бол бүх суманд хүүхдийн багцын жин, бусад тоног төхөөрөмжийг суурилуулж, 20 гаруй төрлийн гарын авлага материалыг өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олон нийтэд түгээсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эхийн амрах байр, хүүхдийн тасагт хүүхдэд ээлтэй орчинг тохижуулахад 70 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлснийг төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр танилцуулсан юм.


 


 

Холбоотой мэдээ