Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн хоёр уран барималчид Алтангадас одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-20 14:04:14
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийх Төрийн айлчлал өчигдөр эхэлсэн. Тэрбээр айлчлалын хүрээнд Шинэ Дели хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж, монгол иргэдтэй уулзахын сацуу Энэтхэгийн уран барималч Рам Сутар, Анил Сутар нарт Алтан гадас одон гардуулав. 



БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчинлэн хийдэд 5.8 метрийн өндөр Бурхан багшийн болон хоёр шавийнх нь сэрэг дүрийг бэлэглэсэн. Тэрхүү бурханы дүрийг 93 настай Рам Сутар, хүү Анил Сутарын хамт бүтээжээ. Тэд сэрэг дүрийг Энэтхэгт бүтээн, Улаанбаатар руу манай ЭСЯ-аар дамжуулан илгээсэн байна.





Ёслолын ажиллагаанд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, тус хийдийн Гадаад харилцаа, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар нар байлцав. 


Алтангадас одон гардуулах үеэр Энэтхэгийн “Haranand books publications” хэвлэлийн газрын захирал Нарендра Кумар Ерөнхийлөгчид Д.Төрмөнхийн бичсэн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” номыг англи хэлээр орчуулан гаргаснаа бэлэглэв.


Ташрамд дурдахад, Алтан гадас нь БНМАУ-ын үед анх бий болсон Монгол Улсын төрийн одон юм. 1990 оны 06 дугаар сарын 30-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 148 дугаар зарлигаар батлагдсан ”БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-д бичигдснээр "Алтан гадас" нь одонгийн зэрэглэлээр 4 дүгээрт бичигддэг байна.

Холбоотой мэдээ