"АРИН-АП" хөрөнгө буцаах сүлжээний бүгд хурал Улаанбаатар хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-23 16:27:06
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагын сүлжээний VI бүгд хурал энэ сарын 23-24-нд Улаанбаатар хотноо болж байна. Хуралд "АРИН-АП" сүлжээний 22 гишүүн улсын 110 гаруй төлөөлөгч оролцож, хууль бус хөрөнгийг илрүүлэн, тухайн улсад буцаах чиглэлээр туршлага солилцож байгаа юм.

Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл солилцох зөв зохистой арга замыг тогтоож, гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг царцаах, буцаах чиг үүрэг бүхий “АРИН-АП” сүлжээг БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар уг сүлжээнд 24 улс гишүүнээр, олон улсын есөн байгууллага ажиглагчаар нэгджээ. 

Mанай улс БНСУ-ын Прокурорын дээд газартай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг илрүүлэн, таслан зогсоосон. Түүнчлэн Монгол Улсын хилээр хууль бусаар гарсан динозаврын ясыг БНСУ-аар дамжин гарах гэж байхад нь Солонгосын тал таслан зогсоож Монгол Улсад эргүүлэн авчирсан нь "АРИН-АП" сүлжээний шуурхай ажиллагааны үр дүн болохыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа онцоллоо. 

Тэрбээр “Авлигын болон бусад гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг царцаах, буцаан авах арга хэмжээ нь дан ганц нэг талын хүчин чармайлтаар үр дүнтэй болдоггүй. Улс орон бүрийн ижил төстэй чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагуудын харилцан ойлголцсон, сайн хамтын ажиллагааны явцад бүрэн биеллээ олдог. Манай улс гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, үндэстэн дамнасан авлигын гэм хэрэгтэй тэмцэж байна. Тухайлал, Швецарын Прокурорын газар, Австрийн Прокурорын газар, АНУ-ын Хууль зүйн департамент, Хонг Конгийн Хууль зүйн газар зэрэг байгуулагуудтай хууль бус, хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна” хэмээв.  


НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх Крис Батт: "Сүүлийн жилүүдэд хөрөнгөө гадны улсад нуун далдлах нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг ихсэж байна. Хөрөнгө буцаах сүлжээний гишүүн орнуудын цагдаа, мөрдөгч нар "АРИН-АП" сүлжээг ашиглан албан бусаар шуурхай мэдээлэл солилцон үр дүнтэй ажиллаж байна" гэв.


БНСУ-ын Ерөнхий Прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны төвийн дэд дарга Вүүк Жин Ра: "АРИН АП сүлжээнд олон орон нэгдэж байгаагаас үзэхэд их хэмжээний хөрөнгийг нэг улсаас нөгөө улсад шийлжүүлэх ажил үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Эрүүгийн хэргийн асуудлаар улс хооронд мэдээлэл дамжуулах уламжлалт арга нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээг үндэслэн дипломат шугамаар харилцах бөгөөд энэ нь маш их цаг хугацаа алддаг учир үр дүн багатай байдаг. Харин мэдээлэл дамжуулах албан бус сүлжээ нь түргэн шуурхай, сүүлийн үеийн үр дүнтэй арга хэрэгсэл болсон" гэлээ.

Монгол Улсын АТГ Хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээний 2019 оны даргалагч улсын хувьд хурлыг зохион байгуулахаас гадна НҮБ, Австрали Улсын Дотоод хэргийн яамтай хамтран энэ сарын 25-27-нд “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах юм. 



  
Холбоотой мэдээ