Органик төмс, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын сүлжээ бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-25 20:35:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн хоршоодын гишүүд, тэдгээрийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилт нь АДРА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бодит биелэлээ олж байна. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгийн хоршоологчид албан ёсны гэрчилгээтэй, органик шошготой төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлж эхлээд байна.  

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Сант зэрэг есөн сумын хоршоодын 139 ногоочид нэгдэж, “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллагыг энэ онд байгуулжээ. Тэд ХХААХҮЯ-ны “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлэн, органик болохыг илэрхийлсэн шилжилтийн үеийн шар өнгийн дэвсгэртэй тэмдэг, тэмдэглэгээ ашиглах эрх авсан аж. Өнөөдөр анхны хүлээн зөвшөөрөгдсөн органик шошготой бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны хүрээнд "Алсыг харья-Органикийг сонгоё" өдөрлөгт оролцон Органик хүнсний тухай хуульд заасны дагуу "Сэлэнгэ органик" хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, анхны албан ёсны гэрчилгээтэй, органик гэсэн шошготой төмс, хүнсний ногоогоо худалдаалж эхэлжээ.

Сэлэнгэ аймгийн эдгээр хоршоологчид АДРА Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төсөлд хамрагдсанаар органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцсан байна. Мөн төслийн зүгээс ногоочдыг чадавхжуулах, олон төрлийн сургалтад хамруулж, органик үрээр ханган, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тариалангийн талбайд хөрс, усны шинжилгээ хийх, хамтын баталгаажуулалтын байгууллагад нэгтгэх, үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, хоршоодын засаглалыг сайжруулах, бүтээгдэхүүний маркетинг хийх зэрэг олон ажлыг зохион байгуулж өгсөн аж.

Хамгийн гол нь ногоочид органик үйлдвэрлэлд шилжихээ илэрхийлж, тангараг өргөсөн учраас төмс, хүнсний ногоо тариалахдаа химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид зэргийг ашиглаагүй бөгөөд хөрснийхөө үржил шимийг сайжруулахын тулд компостон бордоо, хучлага таримал тарьж, малын боловсруулсан бууц хэрэглэж байгаа гэнэ. Мөн ногоочид зөвхөн төмс, хүнсний ногоо тарих, хураан авах ажлаа хариуцаж, дундын хоршоо нь борлуулалтыг хариуцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, органик төмс, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг бий болгож байгаа гэсэн үг юм.

 Шилжилтийн үеийн органик хүнсийг баталгаажуулахдаа, хоршоодын гишүүд органик газар тариалан болон органик зөгийн аж ахуйн хяналтын хуудасны дагуу харилцан бие биеэ хянаж, зөвлөн туслах, туршлага солилцох арга барилын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Харин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг "Сэлэнгэ органик" хамтын баталгаажуулалтын байгууллагын хэрэглэгч тал гүйцэтгэж, тэдний тариалсан төмс, хүнсний ногоонд химийн хорт бодисууд агуулсан эсэхийг нитрит хэмжигчээр шалгажээ.

Хэрэглэгч тал гэдэгт ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ аймаг дахь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо багтаж байгаа аж.


 

Холбоотой мэдээ