Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд 800 эрдэмтэн судлаач оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-27 11:31:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“Шинжлэх ухаан, технологи, инновац-2019” үзэсгэлэн болон дөрвөн салбар хуралдаанаар эхэлсэн анхдугаар их хурлын нэгдсэн хуралдааны нээлт өнөөдөр өглөө Төрийн ордонд боллоо.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оролцож үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Монгол хүн оюуны өндөр чадавхтай гэдгийг дэлхийд харуулж байгаа  өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна.  Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавх, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын илгээлтийг УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч уншиж сонордууллаа. Нэгдсэн хуралдааныг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл удирдаж байна.

2018 оны статистикийн мэдээгээр, шинжлэх ухааны салбарт нийт 4,277 хүн ажиллаж байгаагийн 75,8 хувь буюу 3,246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу 1,917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 109, боловсролын доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан 1071 байгаа нь нийт эрдэм шинжилгээний ажилтны 58.6 хувийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд тэдний төлөөлөл болсон 800 эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.

Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага, эдгээрээс 35 төрийн өмчийн, 7 хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, 10 төрийн өмчийн, 13 төрийн бус өмчийн их сургуулиуд идэвхтэй оролцож байна. Мөн тэдгээрийн дэргэд 30 гаруй гарааны компани судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөллийг их хуралд хамруулж чадсан гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацад хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэж байгаа юм.




Холбоотой мэдээ